Аягаа буруу угааснаар таны эрүүл мэндэд аюул учирдаг гэдгийг мэдэх үү?

2018-04-30

Гэртээ хоол хийгээд халуун ам бүлээрээ хооллох шиг дулаахан мэдрэмж өгдөг зүйл энэ хорвоод үгүй биз ээ. Гэхдээ энэ бүхний дараа тос, хоолны үлдэгдэл болсон аяга таваг угааж гал тогооны өрөөгөө эмх цэгцтэй болгоно гэдэг амаргүй ажил байдгийг гэрийн ажил хийдэг хэн бүхэн мэдэх байх. 2015 онд явагдсан нэгэн судалгаагаар аяга тавгаа угаах нь хүнд нэгэн төрлийн бясалгал болж өгдөг ба тухайн хүний ухамсар илүү өндөр түвшинд хөгжсөн байдгийг тогтоосон ажээ. Бид гараар болон машинаар аяга тавгаа угаахдаа ихэвчлэн буруу аргаар угаадаг бөгөөд үр дүнд нь янз бүрийн өвчин тусч, жоом үржих нөхцлийг бий болгодог аж. 

1. Бохир заваан угаалтуур, аяга угаагч машиныг хэрэглэдэг

Бохир угаалтуур юмуу аяга угаагч машинд хийж угаах юм бол аяга шанагаа угаах хэрэг ер нь байна уу? Бохир угаалтуур, аяга угаагч машин нь аяга тавгийг одоо байгаагаас нь бохир заваан болгох болно. Ийм учраас угаалтуур, аяга угаагч машинаа байнга цэвэрлэж байгаарай. Эдгээрт агуулагдаж байгаа нян, бактери нь таны аяга тавганд ордог бөгөөд бохир аяга тавганд хооллох нь эрт орой хэзээ нэгэн цагт таныг өвчин тусахад хүргэнэ. Аяга тавгаа угааж дууссаны дараа угаалтуураа өдөр бүр хүнсний сода юмуу эсвэл алимны цуу, алимны цуу болон давсны холимогоор үрж угааж занших нь чухал ажээ. Аяга угаагч машинаа дээд хэмжээнд нь хүртэл халааж байгаад алимны цуугаар дүүргэсэн таваг хийж хэдэн хором байлгах нь нян бактерийг устгах онцгой нөлөө үзүүлдэг. 

2. Хэтэрхий их аяга угаагч бодис хэрэглэдэг

Аяга угаахдаа хэтэрхий их хэмжээний угаагч бодис хэрэглэдэг хүмүүс олон байдаг. Гараар аяга тавгаа угаах үедээ угаагч бодисноос ихээр нь авч угаадаг учир их хэмжээний усаар зайлахаас өөр аргагүй болдог. Бид ингэж л усыг үр ашиггүй зарцуулдаг байна. Аяга угаагч машинаар угаахдаа их хэмжээний угаагч бодис хийдэг бол таны аяга таваг халтар харагдах болно. Энэ нь таныг угаагч бодисоо дутуу зайлсаныг харуулах бөгөөд хоолтойгоо цуг угаагч бодисоо ходоод руугаа оруулж байдгийг илтгэнэ. Зөв зохистой угаахын тулд танд ердөө халуун ус, үл ялигхан угаагч бодис л байхад хангалттай юм. 

3. Эхлээд усаар зайлдаггүй

Аяга тавган дээр хоолны ширхэгүүд үлдэж хоцорсон байдаг учраас аяга угаагч машинд хийхээсээ өмнө усаар зайлах нь чухал юм. Аяга угаагч машинд хийхээсээ өмнө хоолны үлдэгдлийг нь заавал үрж арилгаарай. Энэ нь аяга тавгыг үр дүнтэй угаахад туслахаас гадна машин дотор нян бактер үржихээс урьдчилан сэргийлдэг ажээ. Гараар угааж байгаа тохиолдолд ч гэсэн юун түрүүнд халуун бүлээн усаар зайлах нь таны аяга угаах ажлыг хөнгөвчлөх болно. 

4. Бохир пролон хэрэглэдэг

Таны алганд багтдаг жижигхэн зөөлөн пролон элдэв төрлийн нян бактер үржих таатай орчин болж байдгийг та мэддэг үү? Аяга угаасны дараа порлон нойтон үлдэж байна гэдэг нь нян үржиж байна гэсэн үг. Ийм учраас пролоноо өдөр тутамдаа бактерийн эсрэг савангаар угааж наранд хатааж байх нь зүйтэй юм. Эсвэл бичил долгион зуухандаа нойтон пролоноо 30 секундын турш байлгаж ариутгасан ч болно. Хуванцраар хийсэн пролон нь хатуу байдаг учраас оронд нь байгалийн гаралтай мяндас ашиглаж хийсэн пролоноор угааж байхыг зөвлөдөг байна. 

5. Аяганы алчуураа угаадаггүй

Зарим хүмүүс аяга тавгаа гараараа угаагаад дараа нь аяганы алчуураараа арчиж тавьдаг шүү дээ. Алчуураар арчих нь зүгээр ч гэсэн чийгтэй юмуу эсвэл цэвэрхэн биш алчуураар арчиж байгаа бол та өөр нэгэн алдааг гаргаж байгаа хэрэг. Хэрэв та энэ алчуураараа гараа арчиж хатаадаг эсвэл гал тогооныхоо тавиурыг арчдаг бол аяга тавгаа бүү арчаарай. Энэнийхээ оронд шинэ, цэвэрхэн алчуур гаргаж хэрэглэсэн нь дээр. Аяга хатаагч тавиурыг ашиглаж агаарын солилцоогоор хатааж байх нь хамгийн зөв аргад тооцогддог аж. 

6. Хэтэрхий олон аяга таваг

Хэрэв та бүх аяга тавгаа заваартуулсаныхаа дараа л аяга шанагаа угаах тухай бодож эхэлдэг бол тун буруу зуршил байна гэдгийг хэлье. За тэгээд овоолгоостой байгаа аяга тавагнуудаа угаагч машиндаа хийснээр машин зөв зохистой ажиллаж чадахгүйд хүрэх бөгөөд угаагч шингэн нь сайтар арилаагүй байдалтайгаар гарч ирэх болно. Эмзэг шилэн эдлэлийг өөр бусад олон аяга тавагтай цуг хийснээр хагарах магадлал нь нэмэгдэнэ. Ийм учраас аяга угаагч машинд аяга тавгаа хийхдээ хоорондоо зайтай байхаар бодож хийх нь чухал юм. 

7. Хоолны үлдэгдлийг хаядаггүй

Аяга угаагч машинаар угааж байхдаа доторх хоолны үлдэгдлийг нь байнга гаргаж хаяж байх хэрэгтэй. Угааж буй усанд хоолны үлдэгдэл байснаар усны урсгалыг хааж, улмаар аяга угаах үйл явц үр дүн муутай болох ба сайн цэвэрхэн болоогүй аяга тавагнууд гарч ирэх болно. Хоолны үлдэгдэл нь аажимдаа хөгц болон хөгцний харшлыг үүсгэдэг байна. 

8. Аяга угаагч машиндаа буруу зүйлс хийдэг

Хүмүүс аяга угаагч машиндаа буруу зүйлс хийж орхидог. Хамгийн чухал санаж байх ёстой зүйл бол тавих ёстой дарааллаар нь тавьж угаах явдал байдаг. Жишээлбэл угаагч машины дээд талын тавиур дээр сэнжгүй аяга, шилэн эдлэл болон том сав суулгануудыг угаах ёстой байдаг бол таваг, гүц, хоолны сав зэргийг доод талынх дээр нь тавих хэрэгтэй. Угаагч машинаа хэрэглэхийн өмнө дагалдаж ирсэн зааврыг нь сайтар уншиж танилцаарай. 

Бусад зөвөлгөө 

Төмрөөр хийсэн хоолны савыг угаахдаа хатуу үстэй сойз ашиглаарай. 

Аяга угаагч машинд модон эдлэл хэзээ ч хийж болохгүй. 

Хагарч гэмтдэг учраас угаалтуур дотор модон эдлэлийг удаан хугацаагаар орхиж болохгүй. Дор нь угаагаагаад хатаах хэрэгтэй. 

Хэрэв та аяга тавгаа гараараа угаадаг бол угаалтуурынхаа бөглөөг хийж усаа дүүргэж байгаад угаагаарай. Усаа хэмнэж заншицгаая. 

Угаагч машинаа ажиллуулахаасаа өмнө угаагч бодис хийдэг хэсгийг нь сайн хаагаарай. 

Аяга тавгаа гараараа угаахдаа цоргоныхоо хамгийн халуун усыг ашиглахаа мартуузай. 

Угаасан шилэн эдлэл дээр толбо үүссэн байвал тоолгүй өнгөрч болохгүй ээ. Энэ нь таны цоргоны ус хатуу байгааг илтгэж байгаа юм. 

Маслоны хутга болон бусад ир нь мохоо хутгыг л угаагч машинаар угааж болно. 

Гал тогооны цэвэр цэмцгэр байдал, цэвэрхэн аяга таваг нь нян бактери үржихээс урьдчилан сэргийлэх үндсэн нөхцөл болж байдаг. 

Гамбанз болон хутгаа хэрэглэснийхээ дараа савантай халуун усаар угааж байх хэрэгтэй. Модон гамбанзыг сайтар цэвэрлэхийн тулд давс, лимон ашиглаж болно. 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах